“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД ТӨР БА ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО-ХАМТЫН АЖИЛЛАГАА” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД ТӨР БА ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО-ХАМТЫН АЖИЛЛАГАА” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бусад төрийн байгууллага, нийгэм-сэтгэл зүйчдийн багтай хамтран “Гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад төр ба олон нийтийн оролцоо-хамтын ажиллагаа” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 29-ний өдрүүдэд 6 чиглэлд 23 сум 1 тосгонд хүрч ажиллалаа.

Энэхүү нөлөөллийн арга хэмжээний хүрээнд сумдын 12 мянга гаруй сурагчдад “Хүүхдийн эрх, үе тэнгийн дээрэлхэлтээс ангид байх” сэдвээр сургалт хийж, Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг танилцууллаа.

Мөн сумдын 8 мянга гаруй иргэн, төрийн албан хаагч, аж ахуйн нэгжийн төлөөлөлд “Авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эрхийг сэргээх”, “Төр, нийтийн эрх ашиг сонирхлыг прокурор хэрхэн хамгаалж оролцох” талаар мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Дээрх ажлын хүрээнд сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалган, тусалж, анхаарах асуудлуудын талаар албан бичиг хүргүүлж, мөн Цагдаагийн хэсгийн мэдүүлэг авах өрөө нь стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалган заавар, чиглэлийг өглөө.

Мөн хорихоос өөр төрлийн ял эдэлж буй иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг сонсон, тэмдэглэл үйлдэж, уг ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл байгаа эсэх талаар хэсгийн төлөөлөгч, цагдаагийн албан хаагч нартай санал, солилцлоо.

Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эрхийг сэргээх, төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурор хамтран ажиллах талаар мэдээлэл өгч, сумдын хоршоо хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй иргэдийн судалгааг гаргуулан, төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн талаарх 2 хүсэлтийг хүлээн авч  мэдээлэл солилцон, хамтран ажиллаж байна. 

Энэхүү нөлөөллийн ажил нь иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эрхийг сэргээх, төр–иргэн–олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үр нөлөөтэй ажил боллоо.

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа